HSK шалгалтын талаарх мэдээлэл

HSK шалгалтын талаарх мэдээлэл

2025-06-02

Түүчээ Монгол сургууль нь 3 дугаар ангиас эхлэн сурагчдадаа хятад хэлийг олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу системтэйгээр заах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад хэлний мэдлэг, чадварыг үе шаттайгаар хөгжүүлж байна.

Энэхүү хичээл сургалтын аргачлал нь сурагчдын хятад хэлний чадварыг анхан, дунд шатнаас эхлэн дэс дарааллын дагуу хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон улсын түвшний хичээл, сургалтын агуулга болон шалгалттай уялдуулсан байна.

Иймд сурагчдын хятад хэлний мэдлэг, чадварыг тогтвортой хөгжүүлэх, олон улсын шалгалт, HSK зэрэгт бэлтгэхэд бүрэн боломж бүрдэж байна.

 HSK (ХЯТАД ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ТУХАЙ)

HSK нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын товчлол бөгөөд эх хэл нь хятад хэл биш иргэдийн хятад хэлний мэдлэгийн түвшинг үнэлэх олон улсын стандартчилсан шалгалт болно.

HSK шалгалтыг дэлхийн хэмжээнд албан ёсны эрх бүхий 860 шалгалтын төв зохион байгуулж байна. Үүнээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 71 хотод 330 шалгалтын төв, гадаадын 112 улс оронд 530 шалгалтын төв үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад HSK шалгалтыг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль жил бүрийн 3, 4, 12 дугаар сард зохион байгуулж байна.

Шалгалт нь бичгийн болон аман гэсэн хоёр хэлбэрээр явагдана.

HSK шалгалт нь 1-6 дугаар зэрэглэлд хуваагдана. Хятад хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй шалгуулагчид 1-4 дүгээр зэрэгт, дундаас дээш болон ахисан шатны мэдлэгтэй шалгуулагчид 5, 6 дугаар зэрэгт шалгалт өгөх боломжтой.